ХАА-н гэрээт үйлчилгээ

Бид 2018 оноос эхлэн ХАА-н машин, тоног төхөөрөмжийн гэрээт үйлчилгээ эрхлэхээр төлөвлөн ажиллаж байна.

1990 оноос өмнө ЗХУ – аас авч ашиглаж байсан трактор, машин, тоног төхөөрөмжүүд нь элэгдэж, хуучирсан, түлш шатахуун зарцуулалт ихтэй, ажлын бүтээмж бага зэргээс үүдэн шинэ технологийн өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжийг ХААн үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага тулгараад байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсын засгийн газар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд шинэ тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулах, гаалийн татвараас чөлөөлөх зэргээр дэмжлэг үзүүлж байна. Гэсэн ч орчин үеийн трактор, тоног төхөөрөмж нь өртөг өндөртэй, бага, дунд хэмжээний аж ахуй нэгжүүд санхүүгийн дарамт нэмэгдэх учир тэр болгон үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж чадахгүй байсаар байна.

Гэрээт үйлчилгээ гэдэг нь хөдөө аж ахуйн техникийн түрээсийн үйлчилгээ бөгөөд аж ахуйн эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй ч тариалалт, хураалт зэрэг бүх төрлийн үйл ажиллагаанд төлбөртэй техникийн үйлчилгээ үзүүлэх юм. Бид Төв аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл голлон эрхэлдэг сумуудад үйл ажиллагаагаа төвлөрүүлэх юм.